Хэл нь хүн төрөлхтний амьдралын зайлшгүй оршихуй билээ. Аливаа хэлэнд тухайн хэлээр ярилцагч ард түмний сэтгэхүй, сэтгэлгээний онцлог уламжлалт аж төрөх ёс, ахуй орчин, түүх соёлыг тусгасан үг хэллэг байдаг нь дамжиггүй юм. Тухайн үндэстний онцлог байдал хамгийн ихээр туссан хэлний нэгж бол өвөрмөц хэлц юм. Өвөрмөц хэлц нь бүрдүүлж буй махбодь /буюу үгс/ нь цөм юм уу зарим нь үгсийн сангийн утгыг бүрэн алдаад, бие даан хэл зүйн харьцаанд орж өгүүлбэр зүйн тодорхой үүрэг гүйцэтгэж чадахгүй болсны улмаас утгын талаар задлан салгахын аргагүй цөмөөрөө нийлж нэгэн бүхэл утга санааг илтгэх тогтвортой нийлэмж үгийг хэлнэ.
Аливаа хэлийг илүү сайн эзэмшинэ гэдэг нь тухайн хэлний энгийн үг өгүүлбэрээс эхлэн өвөрмөц хэлцийг хүртэл сурах нь зайлшгүй хэрэг бөгөөд бүр цаашилбал, өвөрмөц хэлцээр дамжуулан тухайн улс ард түмний сэтгэлгээний онцлог, зан заншил, түүх соёлоос суралцаж болох билээ. Энэ үүднээс тус судалгаанд Солонгос Монгол хэлний биеийн эрхтэнтэй холбоотой өвөрмөц хэлцийн сэтгэлийн өнгө аясыг илэрхийлсэн утга болон орчуулгын талаар харьцуулан судлахыг зорив.
1. Солонгос Монгол хэлний өвөрмөц хэлцийн талаарх эрдэмтэдийн тодорхойлолт болон тэдгээрийн онцлог, ангилал, утгын талаар судалж үзэв.
2. Солонгос Монгол хэлний биеийн эрхтэнтэй холбоотой өвөрмөц хэлцээ илтгэж буй утга агуулгаар нь зохистой ба зохисгүй утгат өвөрмөц хэлц гэж хоёр ангилалаа. Зохистой ба зохисгүй утга гэдэг бол хийсвэр чанартай харьцангуй ойлголт юм. Зохистой зүйл байна гэдэг нь түүний эсрэг зүйлтэй харьцуулсны үр дүн юм. Биеийн эрхтэнтэй холбоотой өвөрмөц хэлцээ илтгэж буй утга агуулгаар нь зохистой ба зохисгүй утгыг илэрхийлсэн хэмээн ангиласан нь, өвөрмөц хэлцийг энэ хоёр чанараар эрс ялган зааглахыг зориогүй билээ. Харин сэтгэл дундуур, зэрлэг балмад, хохирол дутагдалтай гэх мэтийн үр ашиггүй болон тааламжгүй утга санааг илэрхийлсэн агуулгатай өвөрмөц хэлцийг энэ судалгаандаа зохисгүй утгыг илэрхийлсэн өвөрмөц хэлцэд хамруулан үзэж байгаа юм. Аливаа зүйлийн зохистой утгыг илэрхийлсэн өвөрмөц хэлцийн агуулга нь үүнтэй жишин үзэхэд ойлгомжтой болох буй заа.
Тус судалгаанд биеийн эрхтэн дотроос цээж, элэг, зүрх, хөл, гар, бөгс гэх мэт 22 хэсгийн биеийн эрхтэнтэй холбоотой өвөрмөц хэлцийг авч үзсэн бөгөөд эдгээр нь тус хоёр хэлэнд маш өргөн хэрэглэгддэг болох нь харагдаж байна. Солонгос Монгол хэлний биеийн эрхтэнтэй холбоотой өвөрмөц хэлц нь хүний сэтгэлийн олон өнгө аяс, зан авирын онцлогийг илэрхийлэн үзүүлдэгээрээ нийтлэг шинжтэй байлаа. Аливаа хэлний өвөрмөц хэлц нь тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний онцлогийг тусгадаг ерөнхий шинжтэй байдаг байхад биеийн эрхтний нэр бүхий өвөрмөц хэлцэд энэ шинж харьцангуй бага туссан байдаг ажээ. Үүнийг Солонгос Монгол хэлний энэ төрлийн өвөрмөц хэлцэд бие биетэйгээ утгын талаар яв цав тохирох жишээ олон байгаа нь давхар баталж байна. Жишээбэл: Солонгос Монгол хоёр хэлэнд зохистойн үгүйлэн санах утга нь цээж болон нүдээр, сонирхол нь нүд болон чихээр, баяр баясал нь цээж, зүрх, нүд мэт эрхтний нэрээр дамжин илэрч байна. Солонгос хэлний зохистой утгыг илэрхийлэгч өвөрмөц хэлцийн дотор цээж болон нүдтэй холбоотой өвөрмөц хэлц хамгийн олон байсан бөгөөд Монгол хэлэнд Солонгос хэлний цээжтэй холбоотой өвөрмөц хэлц нь голдуу зүрх болон сэтгэлтэй холбоотой өвөрмөц хэлцээр дамжин илэрч байлаа. Солонгос Монгол хоёр хэлэнд зохисгүй утгыг илэрхийлэгч өвөрмөц хэлц ч мөн арвин баялаг бөгөөд маш олон төрлийн утгыг илэрхийлдэг болох нь харагдлаа. Жишээ нь: үзэн ядах байдлыг Солонгос Монгол хоёр хэлэнд нүд нь сэтгэлийн толь гэдэгчлэн яг адилхан нүдээр дамжуулан илэрхийлдэг бөгөөд энэ нь ч ярианы хэлэнд маш өргөн хэрэглэгддэг нь харагдлаа. Ичиж зовох явдал нь хүний гадаад төрх нүүрэнд хамгийн их илэрдэг бөгөөд өвөрмөц хэлцэд ч нүүртэй холбоотой ичиж зовсон үйлдлийг илэрхийлсэн өвөрмөц хэлц олон байлаа. Харамсан гунигласан өвөрмөц хэлц нь Солонгос хэлэнд цээжтэй холбоотой өвөрмөц хэлцээр их илэрсэн бол Монгол хэлэнд толгойтой холбоотойгоор илэрсэн нь илүү байлаа. Ийнхүү тус судалгаагаар дамжуулан Солонгос Монгол хоёр хэлний биеийн эрхтэнтэй холбоотой өвөрмөц хэлцийн адил төстэй болон ялгаатай талыг олж, тухайн орны соёл, зан заншилтай холбоотойгоор өвөрмөц хэлцийн илэрхийлэл ч бас өөрчлөгддөг болохыг мэдлээ.
3. Солонгос хэлний өвөрмөц хэлцийг Монгол хэлэнд орчуулан гаргахдаа утгаас гадна сэтгэлийн өвөрмөц аясыг алдагдуулахгүй орчуулах нь нэн чухал билээ. Үүний тулд "Дүйцэх, Дүйцүүлэх" ухагдахуун болон W.Köllerийн "Дүйцэх харьцааг" ашиглан, хоёр хэлний өвөрмөц хэлцийг ангилан үзүүлэхийг зорив. Үүнд: Солонгос хэлний өвөрмөц хэлцийг Монгол хэлэнд орчуулагдаж байгаа байдлаар нь,
1) хэлбэр болон утгын хувьд бүрэн дүйцэх өвөрмөц хэлц
2) хэлбэр нь бага зэрэг өөр боловч үгчилсэн орчуулгын утга
болон бодит утга нь дүйцэх өвөрмөц хэлц
3) хэлбэр адил утга өөр өвөрмөц хэлц
4) хэлбэр өөр утга адил өвөрмөц хэлц
5) Монгол хэлний өвөрмөц хэлцтэй дүйцүүлэх өвөрмөц хэлц
гэж ангилан хувааж үзлээ.
Тус судалгаанд Солонгос Монгол хэлний 180 орчим өвөрмөц хэлцийг сонгон авч, ажигласны үндсэнд ангилалыг хийсэн бөгөөд тохирсон жишээг үзүүлэн, энгийн чөлөөтэй орчуулга болгохыг зорилоо.
|